News

АНХ ХЭДЭН НАСТАЙДАА ЗАГВАРЫН ЕРТӨНЦӨД ХӨЛ ТАВЬСАН БЭ?


Загвар зохион бүтээгч болох нь миний хар багын мөрөөдөл. Иймээс сурагч байхаасаа л загвар зохион бүтээх уралдаан, тэмцээнд оролцдог байсан. Энэ мөрөөдөлдөө хөтлөгдөн 2004 онд “Шилдэг Загвар” загварын агентлагт топ модель н.Цолмон багшийн шавь болсноор энэ салбарт анх хөл тавьсан.

ХАМГИЙН СҮҮЛД ЯМАР ТЭМЦЭЭНД ОРОЛЦОВ?


Хамгийн сүүлд, “Miss Asia Pacific International” гоо бүсгүйн тэмцээнд оролцож, “Нөхөрсөг мисс” гэсэн хүндтэй титмийн эзэн болсон. Тус тэмцээнд 55 орны гоо бүсгүй оролцсон. Мөн би талбайн теннисээр хичээллэдэг. Сүүлийн хоёр жилд сквош теннисээр ахисан түвшинд хичээллэж байна. Сквош теннисийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн анх удаа амжилттай оролцоод ирлээ.
Одоогоор “Asian Games” Ази тивийн их наадамд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

МОНГОЛЫН ОЛОН УЛСЫН МОДЕЛИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР АЖИЛЛАДАГ ГЭСЭН. ЯАГААД ЭНЭ ХОЛБООГ БАЙГУУЛАХ БОЛСОН БЭ?


Энтертаймент, загварын зах зээл гэдэг дэлхийд ялангуяа Азид асар хурдацтай хөгжиж байгааг БНСУ-д суралцаж байхдаа илүү мэдэрсэн. Солонгост суралцаж байх хугацаандаа тус улсын үндэсний хувцасны загвар өмсөгч болсноор маш их туршлага хуримтлуулсан. Тухайн үед багш нар маань “загвар өмсөгч хүн гэхээр туранхай, сайхан хүүхэн хувцас өмсөөд тайзан дээр гарахын нэр биш. Загвар өмсөгч бол өөрөө брэнд байх ёстой. Загвар өмсөгч хүн хувцасыг брэнд болгодог” гэж үргэлж сургадаг байсан. Мөн загвар өмсөгчийн ёс зүйн хичээл чухал судлах ёстой хичээлүүдийнх нь тоонд ордог юм байна лээ.

Иймээс Монгол Улсад шинээр тодрон гарч ирж буй загвар өмсөгчид өөрийгөө Монгол Улсаар хязгаарлахгүй дэлхийн тавцанд гарч, дэлхийн брэнд болон гараасай. Тэр гүүр нь Моngolian International Model Association (MIMA) байгаасай гэсэн чин хүсэл, сэтгэлээр анх байгуулсан. Одоогоор манай байгууллага Азийн моделийн холбоотой хамтран ажиллаж, туршлага судалж байна.

МОНГОЛЫН ЗАГВАР ӨМСӨГЧИД ГАДААД ЗАХ ЗЭЭЛ ГАРАХ БОЛОМЖ БИЙ ЮУ?


Өнөө цагт монголчууд өөрсдөө хичээвэл дэлхийн ертөнц нээлттэй байна. Хувцас загвар гэдэг бол өөрөө бизнесийн маш том зах зээл. Энгийн жишээ татахад, Сөүл хотын Мёондун худалдааны гудамжны хувцасны дэлгүүрүүдээр өдөрт нэг сая гаруй хүн үйлчлүүлж байна. Тус худалдааны гудамж бараа бүтээгдэхүүнээ Солонгосын алдарт одод, загвар өмсөгчдийг нүүр царайгаа болгон сурталчилдаг. Ялангуяа гаднын жуулчид тухайн бараа бүтээгдэхүүний нүүр царай болсон моделийг харан худалдан авалт хийх нь элбэг. Тиймээс модель хүн гэдэг бол яах араггүй өөрөө брэнд гэж би боддог. Мэдээж манай моделиудад энэ бүхэн нээлттэй гэхдээ дэлхийн загварын зах зээлд хөл тавихад яах араггүй анхан шатны хэлний мэдлэг маш чухал. Хэл сурах хэрэгтэй. Өөр арга байхгүй.

ТОРГОНЫ ЗАМЫН ОЛОН УЛСЫН ЗАГВАРЫН ШОУГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХИЙГ АВСАН ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИХГҮЙ ЮУ?


Азийн моделийн холбооны гишүүн улс болохын тулд MIMA зүгээс дөрвөн жилийн турш хүсэлт тавьж, бүх зохиогдож байгаа арга хэмжээнд нь оролцон, бусад шаардлагыг хангасны үндсэн дээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Азийн Моделийн Холбооны гишүүн болж "Silk Road International Fashion Week"-ийг эх орондоо зохион байгуулах нэр хүндтэй үүргийг авсан.

Энэ загварын шоу нь аялал жуулчлал, эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж харж байна. Silk Road InternationaI fashion week нь БНХАУ-ын "Нэг бүс-Нэг зам" эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд эртний торгоны замыг дахин сэргээж, загварын чиг хандлагаар нь торгоны замын улсуудыг дахин нэгтгэж байгаагаараа ихээхэн онцлогтой . Алдарт Парис, Милан, Лондон, Нью-Йорк, Хонгконг, Токио, Берлин, Шанхайн загварын долоо хоногийг бодвол тухай бүс нутгийн нэршилээр бус субьектив шинжтэй нэршилтэй байгаагаараа давуу талтай юм. Цаашдаа "Silk Road International Fashion Week"-ийг "Нэг бүс-Нэг зам" хөтөлбөрийг дайран өнгөрч буй улс бүр хүсэлт гарган зохион байгуулах боломжтойгоороо олон улсын загварын ертөнцийнхний анхаарлыг ихэд татаж байна.
2017 онд БНХАУ-д зохион байгуулагдсан тус шоунд дэлхийн алдартай загвар зохион бүтээгчид оролцсноос гадна орон орноос шалгарсан 72 эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгчид Asia International Super Model тэмцээнд алдартай дизайнеруудын загварыг амилуулж, хоорондоо өрсөлддөг.
Миний хувьд энэ тэмцээний шүүгчээр ажилласан. Тус тэмцээнд Монгол Улсаас эмэгтэй загвар өмсөгч Н.Нандиа шилдэг 10-т, эрэгтэй модель Э.Энхтүвшин International Super Model шагналын эзэн болсон.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Ойрын төлөвлөгөөнд сквош теннисийн Азийн их наадамд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Мөн Монгол Улсад "Silk Road International fashion week" арга хэмжээг зохион байгуулах гээд ажил их байна.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ

Загвар, спортын салбарт хүчээ сорихоос гадна би "My Stage" Австралийн боловсролын сургалтын төвийн Монгол дахь албан ёсны салбарыг нээн ажлуулж байна. Ирээдүйд сургалтын төвөө өргөжүүлж, олон улсын сургууль болгох мөрөөдөл тээж явна.

News

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ


Хүсэл зорилгоо зөв тодорхойлон, түүнийхээ төлөө тууштай тэмцэх хэрэгтэй гэж зөвлөе. Өнөөдөр амжилтад хүрэх нэг алхам бол яах аргагүй гадаад хэл болж байна. Иймээс залуучуудыгаа дор хаяж гурван орны хэлээр чөлөөтэй ярьж, олон орноор аялж, сурч боловсорч, хорвоо дэлхийг томоор хараарай гэж зөвлөе.